Завгүй eej

bodol eregtsuulel uran buteel

Зугааллаа

2015 оны 07-р сарын 24 Нийтэлсэн Завгүй eej
. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай,Монгол гурав тасравч гүрний дайтай гэдгийг үнэхээр л мэдлээ дээ.Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд өнөө муу ээж нь том дүүгийнхээ машинд дайгдаад Байгаль далайг зорин одвой. Улаанбаатараас хөдлөөд 699 дэх км-т Энхулага хэмээх тур баз байх.Энэ нь Байгалийн эрэг.Өнөөдөр тэр харийн нутагт боловч миний л нутаг,бидний л нутаг шүү дээ гэж бодохоор цаанаасаа л нэг тийм гэхийн аргагүй зүйл дотроос оргиостой. Байгаль нуурын тухай эдээллийг надаар хэлүүлтгүй та нар минь мэдэх хойно доо,энэ орчлонгийн хамгийн цэнгэг уст нуур.... тэр л хангалттай. Нуур,түүний орчмын байгалийн үзэсгэлэнг гайхаад баршгүй.Эгц эгц ургасан нарсан ойн үнэр одоо ч мөн хамар цоргих шиг.Тэгш талын үзэгсгэлэнг гайхуулан ургасан модод тийм л байх хэмээн гайхуулах шонтгор хамартай орос эрд дургүй ч хүрэх шиг.Хэл мэддэг бол "Хуц аа чи,энэ чинь миний нутаг,би өвгөдийнхөө буурийг эргэж явна даа.. " гэж хэлмээр санагдах. Шонтгор хамартай,цэнхэр нүдтэй тэр орос эр "Би Булган аймгийн  Орхон суманд байсан ,тэнд манай цэргийн ангий байсан... гэж баахан хуучлаад та нар яг хаа хүрэх гэж байна би сайн зам зааж өгье хэмээн хэлэх нь бас ч гэж зүс нэг,ахисхийвэл хэл ч нэг, бүр  цаашилбал үндэс нэг буриад нөхдөөс хамаагүй элгэмсүү санагдсаныг нуух юун. Өөрийгөө Светлана хэмээн танилцуулсан бидний байрласан буудлын эзэгтэй нэг ч монгол үг мэдэхгүй гэж байсан нь "ёстой л ганц дургүй хүргэв".Гээд яалтай.Ээж аав нь буряд монгол,Нөхөр нь бас буряд монгол гэх.Гэвч тэд түй черт л гэчихмээр. Үнэхээр л оросжижээ хөөрхий.Тэдний ч буруу юу байхав хэмээн уучлаад өвгөдийн минь сүнс оршсон тэр л нутагт сэтгэл нялхарч, харамлаж, харамсаж "Манай өвгөд дэлхийн талыг эзлэж явахдаа байгал цаг уурын хамгийн эрс тэс уур амьсгалтай тийм л газартаа үлдэж,хамгийн сайхнаа харьд алдаж дээ хэмээн бодож явлаа.Оросын нутагт аялж явахад цаг агаар,зам харгуй гээд бүгд л биднийг ивээж байсан ч хүний л болсон бол хүний л нутаг юм байна даа. Цагдаа зогсоох вий,хууль дүрмийг нь зөрччих вий гээд санаа сарних зүйл бишгүй л байсан.Гэсэн ч тэнгэрийн аврал уу, дээдсийн минь шүншиг үү ёстой л аяны зам алтан шаргал байлаа.Харин өөрийн нутагтаа ороод ирэхэд Алтанбулагийн гаалийн ажилтнаас эхлээд хүнд суртал хөшүүн хойрго зан гээд орос нөхдөөс гараагүй араншинг ёстой л нэг үзүүлж өглөө. Бензин хямд,бараа бүтээгдэхүүний чанар сайн гээд хуучин орос чанарын тухай дурсамж сэргэж байхад буряд нөхдийн ихэрхэл,монголын гаалийн ажилтны сүржигнэл зэрэг нь урд зүгийн зальтай өвөрмонголчууд,хятадын хилийн хямсгар ажилтныг эрхгүй санагдуулав. Гэхдээ сайхан аялаад ирлээ.Итгэл хамбатанаас хүртсэн энергийн эрчээрээ ойрд бичээгүй томоохойн бичлэг оруулахаар суусан болов хэдэн жил хангал явсны гор гарч ингэсгээд завсарлахаас аргагүйд хүрэв.Ямартаа ч та хэддээ Итгэл хамбын энергээс шидлээ шүү бариад бариад аваарай.Та бүхний минь заяа буян дэлгэрнэ ээ.

Сайхан блогдоно оо

2015 оны 07-р сарын 14 Нийтэлсэн Завгүй eej

Сайхан наадав уу дүү нар минь?

Завгүй ээж нь ч гэр тойроод сайхан л наадлаа.Энэ ГОГО гуай хаалга үүдээ нээхгүй цоож цуурга нь гацаатай байна уу?хөгшин хөвөө би нь учир эвээ олохгүй байна уу?та нартайгаа уулзчих гээд заримдаа бүр аль байдгаараа хичээсэн ч арга тасарчих юм аа.За ямартаа ч өнөөдөр хаалгаа нээж орж чадсандаа баяртай байна. Ойрын хэдэн сар нээрээ огт таарсангүй шүү.Манай хөөрхөн блогчид бүгд сайн биз ээ?Хөдөө хот,харийн нутгаар их зугаалаа биз ээ?Ээж нь гэрээс гарч гэдэс алдсангүй ээ.Харин сүүлийн 3 сар гаруй гайгүй хэдэн өвчний нэр нэрлэж сурлаа.Бөөрний чулуу,ходоодны шарх,эцэст нь элэгний хавдар.Гэхдээ давна аа давна л гэчихсэн байна. Эхний 2,3-ыг нь бараг л давчихсан гэж хэлж болох байх.Харин сүүлийн ганцтай нь тулж ажиллаж байгаа.За энэ ч яамай.Ойрд уулзаагүй болохоор та нар маань сонин сайхан хүлээж л байгаа байх."Зоосон нүдэт"-ийнхээ 2-ын ард  гарсан шүү.Эдийн засаг жаахан хавчаад хэвлэлт хойшилж байна. Хүүхдийн өгүүллэгийн номоо ч бараг боочихлоо. Ер нь л 4 ном бэлэн болсон доо.Оны эцсээр юмуу ирэх жилийн эхээр ижилсүүлээд гаргана даа. Хүн гээч олон үйлдлийг зэрэг хийх амаргүй байх.Тэр тусам би.цаасаа нухахаао үйлээ орхиод,үйлээ хийхээр цаасаа орхидог дутагдалтай.Үйл үртэс тааруу тааруу.За нэг иймэрхүү сонинтой л байна даа.Дараагийн бичлэг зохиолуудаасаа тавина аа.Ямартаа ч ээж нь зүгээр суухгүй байгаа шүү

Хүний санаа гэж...

2015 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Завгүй eej
Ойрд энэ сайхан өргөө гэрээрээ бараг л шагайсангүй.Хаа нэг гэнэт гэнэт орох гэхээр Гого гээчийн орцны жижүүр хаалга үүдээ хап яп хаачихаад онгойлгох юм биш. Арга барагдахдаа амраар нь Нүүр номоор шагалзаад заримдаа тэднийхээр үүрлээд гарах орох хаалгаа ч мэдэхээ бхйтал суучих юм. Хүний санаа гэж яасан ч хувирамтгай,уйдамтгай юм бэ дээ.Ойрын хэдэн сар оюун санаа их л өөрчлөгдөж байх шиг байна.Хүсэл сонирхол ч түүн луугаа адил болжээ. Блогдоо орох нь бүү хэл тэмдэглэлийн дэвтэртээ ч юм бичихээ байлаа.Харин түүнийхээ оронд утас даавуу орооцолдуулж, үйл ур хиймэр аядаж байх шив.Хүний санаа үргэлж өөрчлөгдөж,бас мөрөөдөл хүсэл нь хувирч байх нь их сайн гэнэ.Яагаад гэсэн чинь "Залуулаг байгаагийнх гэнэ"... Хэ хэ хэ.Хүн үнэмшихэд хэцүү л юм. Тэгтэл саяхантай нэг танил найрагч маань таараад "Элдвийн юм хийж өөрийгөө зовоохоо боль.Одоо дараа төрөлдөө бэлдэж гандан хийдээр явж ном буян хуруул" гэнэ.Түүнийхээр бол би гэдэг хүн ер нь "буцах цаг" нь болсон дог оо. Гэхдээ би тэгэж бодохгүй л байна. Миний санаанд үхэх тухай бодол огтхон ч алга байна. Одоо ч ямартаа ч хагас жаран жил мөлхөнө шүү. Үрийн үрээ,бас түүний үрийн үрийг үнэрлэнэ хэмээн догдлох.Бас ч гэж хэдэн /бас хэдэн гэчихэж ээ.Их шуналтай байх нь / ном хэвлүүлнэ гэж бодох. Ингээд бодохоор миний санаа ийм ханадаггүй юм уу??? хүмүүний санаа ийм байдаг юм уу??? Ямартаа ч санаа бүхнээ биелүүлж үл гүйцээлээ ч сайхан бүхнийг санасаар,мөрөөдсөөр л байна даа

Амжилт бүтээл арвин он байлаа 2104

2015 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Завгүй eej
  Цаг хугацаа хисэх мэт өнгөрч нэг л мэдэхэд бид шинэ он шинэ хүн шинэ анд шинэ бүтээл шинэ шинэ бас дахин шинэ бүхнийг угтан авч байна даа. Шинэ оны мэнд манайхаан. Хангирч одсон 14 онд хийсэн ажилтай,хэд гурван бүтээлтэй, түүнээсээ ч олон найз нөхөдтэй,сурсан зүйлтэй сайхан өнгөрлөө.Харин блогоороо л бараг орсонгүй.Нүүр ном руу урваад... гэхдээ дутагдлаа ойлгосоон. Жил жил өөр өөр онцлогтой байдаг санагдах.Харин 14 оны хувьд ёстой л соц уралдаанд үүрэг авсан мэт, түүнээ 250 хувь биелүүлэх зорилт тавьсан мэт ажиллажээ.Дөнгөж он гармагц "Зоосон нүдэт-1" ээ хэвлүүллээ. 7дугаар сард ээждээ зориулж "Ээжий дарь эх " номоо хэвлүүллээ. Зохиолч Б.Сарантуяагийн "Сайн хаан Бат" романыг, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн "АСОАДЭРА" цуврал 3 номыг хяналаа гээд номын ажил арвин байлаа.Харин энэ жил ур хийх донтой жил байж. Их ч зүйл хийлээ.Хэрээсэн хатгамлаар 4 бүтээл,цаасан наамлаар 30 гаран бүтээл,шигтгээн наамлаар 4 бүтээл хийсэн байна. Хажуугаар нь баримлын шавраар жаахан тоглож, заза энэ бүхнийг эс тоогоод хамгийн гол ажлаа л нэг сайхан "гайхуулчихъя.Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий толь.Үүнийг шинэчлэхэд сүүлийн 5 жилээ зориулсан хэсэг нөхөд байна.Тэрний нэг нь муу завгүй ээж нь. Харин сая 12 сард эхний 2 боть хэвлэгдэж бид ёстой л их баярлацгаалаа.Блогийн хэдтэйгээ уулзах ч завгүй "хувийн тоглолт "хийсэн завгүй ээж нь гарч буй энэ онд жаахан завтай болох санаатай.Оны дундуур Зоосон нүдэт-2 оо хэвлүүлчихнэ. Оны төгсгөлд бас нэг томоохон ажлаа цэгцэлчихнэ.Ерөнхийдөө нэг иймэрхүү л шинэ оны угтаж байна даа.Та нарыгаа бөас саначихаж.Энэ жил ойр ойрхон олон уулзана аа.

Дэнс нь Зоосон нүдэт боллоо

2013 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Завгүй eej

   Ойрд блогоороо орсонгүй нэлээд уджээ. Харин удаж удаж та нартаа дуулгах сайхан мэдээтэй ирлээ. Сүүлийн хэдэн сар Дэнс гэсэн нэрийн дор нэгэн ном уншиж байсан миний уншигчид та бүхэн  тэр номоо үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ном маань Зоосон нүдэт нэрээр хэвлэгдэн гарлаа. Оны дараахан номын баяраа хийх санаа байна. Цаг газраа товлосон хойноо дуулгая.Харин эртхэн урилгаа тараалаа шүү. Зоосон нүдэтийнд очоорой.

    Гоё ээж  Алимхан Сасори Сафо Энкуш Үнэн үг....өө бас Санасаар  заза манайхаан та бүхэндээ урилгаа шидлээ.тосоод аваарай. кккк


Уулзсангүй удлаа...

2013 оны 08-р сарын 20 Нийтэлсэн Завгүй eej
Сайн уу манайхан. Та нартайгаа уулзсангүй удлаа... Хөдөөгүүр явж амраад уулаар зугаалаад хоног хугацаа нэлээд өнгөрчээ.Та бүхнийгээ чгэсэн сайхан амарч байгаа гэдэгт итгэж байна. Одоо нэг жаахан бичих зүйл байна аа.Түүнийгээ дуусгачихаад л тухтайхан уулзана даа. Та нарыгаа ч бас саначихаж.Хааяа яаруу сандруу чгэсэн блогоор чинь шагайж байгаа....Гоё ээжид захиа үлдээсэн мээл хаягаар нь ккк.За удахгүй уулзана аа.Та нартаа сайн сайхныг хүсье. Завгүй болоод залхуу ээж нь кккк 

Сайхан наадаарай дүү нар минь

2013 оны 07-р сарын 10 Нийтэлсэн Завгүй eej

Нарны алтан тоос агтны туурайнаас бударсан

Тэнгэрийн цагаан гэгээ наадамчдын нүүрэнд бадарсан

Дэлхийд ганцаараа гайхагдсан

Дэлгэр наадам эхэллээ. Уруулын амт чимчигнүүлсэн айраг идээгээ сөгнөөд, уралдаанч хүүхдийн гийнгоон дуунд сэтгэлээ нялхруулж дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай, дүү нар минь



Дэггүй ээж

2013 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Завгүй eej
Өө муу завгүй ээж нь сая хэд хоногзалуус та нарын хэлдэгээр чадрангаа алдлаа. Одоо сайхан болсон баяртай байна оо.Хүн гээч өтөлж үхэх гэж байж буурь суухгүй л юм даа.Хэд хоног зүрх өвдөөд ажлын ачаалал даахгүй байсан бололтой. Эмээр нүдээд л яваад байлаа. Нэг өглөө охиноо дагуулаад шопинг хийх гээд гарах гэтэл өнөө мотор гуай асуудал үүсгэлээ. Эмээ уух гэтэл дуусчихаж. Яаж ийгээд эм уучихаад охиныхоо урмыг бодоод дэлгүүр яваад ирье гэж бодоод гаруутаа доор байдаг аптекаас ядаж л валидол аваад хэлэн доороо тавьчихъя гээд өөрийгөө хуураад яг гарах гэж байснаа яах гэж ч хөргөгч онгойлгосон юм, онгойлготол хаалганы нь тавиур дээр валкордин гэдэг найз харагдаж байна шүү. Баярлаад өнөөдхөөсөө аваад ахиухан шиг 30 дуслаар хүйтэн усаар даруулж уучихаад гарч өглөө.Хороолол дунд явж байсан чинь нэг биш ээ.... Дотор муухайраад, нүд харанхуйлаад...есөн шидээ үзүүллээ.Охиноо зовоочихно гэж бодоод гүрийгээд хамаг биений хүйтэн хөлс асгараад яваад л байлаа.Сүүлдээ хорооллын Номин дотор орж явснаа дөрвөн давхрын сандал дээр нь өнхрөөд өглөө.Охин ч байдлыг мэдлээ.Сандраад арай гэж явж л гэртээ ирлээ....Хордсон хүн ямар шидийг үзүүлдэг билээ дээ бүгдийг үзүүлдэг байгаа. Юунаас хордчихов оо гээд хоол хүнсээ шалгаад хордоогч нөхрийг олсонгүй ээ.24 байтугай 48 цаг юу ч идэж ууж чадахгүй ёстой л балардагийн даваан дээр хэргийн эзнийг оллоо. 2012 оны 2 сард хугацаа нь дууссан эм хөргөгчнөөсөө гаргаж хаяхгүй хадгалж байгаад өөртөө зориулсан байна лээ кккк муу завгүй ээж нь. Ээдээ та минь тэр эм болоод химийн найрлагтай янз бүрийн зүйл бүү хадгал. Маш аюултай юм байна шүү.60 дөхөж явж би ингэж дэггүйтэж байхад бусад нь яах болж байна даа л гэж өөрийгөө шүүмжлэхтэйгээ болоод байна даа.Одоо эмчлүүлж байна, сайжирч байна. Эрүүл л байвал бусад нь аяндаа л болоод ирнэ дээ манайхаан.

Шинэ өглөө /өгүүллэг/

2013 оны 06-р сарын 09 Нийтэлсэн Завгүй eej

Өчигдөр болж өнгөрсөн бүхэн хар дарсан зүүд шиг байлаа. Юугаа ч бодож явсан юм бэ, гөлөрч яваад замын хажуугаас гарч ирсэн Соната- 2 машинд мөргүүллээ, би гэдэг хүн.  Хаа нэгтээ явж байхдаа машинд шүргүүлэх нь миний бараг л хобби гэгч шиг болох нь. За тэр яахав. Харин хамгаас илүүтэй хайрладаг хүн минь харилцуураа ч авахгүй,уулзах ч үгүй болжээ. Бидний хоорондох гүүр улам бүр нарийсаад, бас хэзээ мөдгүй нуран унах гэж савласаар, савласаар. Нурж гэмээн би түүндээ очиж үл чадна. Харин гүн цэнхэр цүнхээл рүү өөрийн эрхгүй өнхрөн унах нь. Нурсан гүүрний хугархай дээр хайрт минь зогсчихоод урсгал ус руу өнгийн харахаас өөрийг хийхгүй л байх хүн. За тэр өнгөрсөн баларсан, өчигдрийн түүхийг би ярихаа ерөөс азналаа. Харин шинэ өглөө сайхан эхлэх болтугай. Харилцуураа чагнан хүлээхээр би шийдлээ.Тэр минь залгах ч үгүй л байх. Харин зугаацан саатахаар дохиж л магад. Ингэвэл шинэ өглөө азтай л эхэллээ гэж бодохоос. Амрагийн тухай, хайрын тухай бодсоор шинэ өглөөг эхлэдэг тэнэг гар уу гэж бодох нэгэн байх ч "Амьдрал хайр дээр тогтдог" гэж хүлээн зөвшөөрөх, миний зовлонг мэдэх хүмүүс бишгүй л нэг бий гэдэгт итгэнэм. Тийм л зовлон нэгт эрхэм нөхдүүдэд шинэ өглөөний мэнд хүргэе. Тунгалаг өглөөний наран таны амьдралыг ч бас тунгалаг болгог ээ. Иийнхүү би гэдэг хүн цав цагаахан цаас шиг сэтгэлтэй амьтан шинэ өглөөг угтлаа. Хайрт минь залгадаггүй ээ, дохидог ч үгүй. Чи гүрийж байгаа бол би бас адилхаан гээд л таг суухаар шийдлээ. Ямар нэгэн юм хийхгүй бол өнөөх дуугардаггүй утсыг чинь бүр хүлээж цөхөх шинжтэй. Хогоо асгая байз гэж гэнэт шийдээд энд тэндээс баахан юм бөөгнүүлээд авч гарснаа шатаар буухаас төвөгшөөгөөд дөнгөж шат бараадуулаад шидчихээд эргэтэл хэзээ хаанаас гараад ирснийг нь бүү мэд хачин хөөрхөн бүсгүй зогсож байдаг байгаа. Сандрахдаа “Хэн ингэж давхартаа хогоо хаядаг байна аа? Заваан амьтад шүү” гэтэл “Та өөрөө хаячихаад эргэж байгаа юм биш үү” гээд өнөөбүсгүй пал хийтэл авдаг байгаа.

-Үгүй, үгүй. Яалаа гэж би хаях вэ дээ? Харин сая яг манай үүдэнд байхаар нь жаахан холдуулах гээд хөлөөрөө цааш нь түлхэж байгаа ёр нь гэж хэлчихээд тал засах янзтай арзайтал инээмсэглэх аядан амаа ангайтай бүсгүйн араас нэгэн соёлтой байрын эр гараад ирлээ. Энэ үед цахилгаан шат манай давхарт ирсэн тул би ч сандарсандаа шат руу ухасхийн орлоо. Өнөө хоёр ч миний араас ороод ирлээ. Цахилгаан шатанд бид гурваас гадна дээрээс ирэхэд нь гурван хүн сууж ирсэн тул бид зургуулаа болоод доош сүнгэнэж өглөө. Шатны бүхээг дотор Диор нь ч юмуу Давидоф нь ч юм уу хачин сайхан үнэр сэнгэнэнэ. Тэгтэл яг буудагийн алдад өнөө тансаг үнэрийг чинь нам дараал нэг нөхөр хийн буугаар галлаад тавьчихлаа. “Пүү ямар заваан юм бэ, хэн нь унгачихав аа” гээд л өнөө аманцар бүсгүй чинь тас хийтэл хэлэнгээ, чи юу гэсэн шиг над руу цоо ширтдэг байгаа. Би гээч хулчгар амьтан яах ийхийн зуургүй “ Би биш ээ” гээд хашхирч орхилоо. Харин хажууд зогссон шавилхан эр өөрөөс нь гарамгүй эр хонгор дуугаар “Хэн нь ч байсан яадаг юм. Гэрийн хий тооноороо гэдэгний хий хаагуураа гэдэг билээ” гэх агшинд биднийг “бууцгаа” гэх шиг цахилгаан шатны хаалга нээгдэж бид ч уралдах мэт гарцгаалаа. Ямарч зорилгогүй цахилгаан шатанд орсон би гэдэг нөхөр тэр чигээрээ хамт буусан нөхдөө даган орцноос гарахад өнөөх эр эм хоёр миний яг ард намайг туух мэт алхана. Өнөөх бүсгүй нөхөртөө эрхлэнгүй” Ямар аймаар балиар унгадаг юм бэ. Ёоёо бараг бөглөрөөд үхчих шахлаа. Энэ нөхөр унгасан байх аа” гэж хэлэх нь чихэнд тодхон дуулдахад намайг яг араас минь заагаад хуруугаараа чичилж байгаа байхдаа гэж бодохоос эргэж харах манатай урагш улам л хурдан алхмаар санагдав. Гэтэл өнөөх нөхөр нь жин жин гэсэн дуугаар эр хүнээс гарамгүй инээд асгаж “Миний хайр таниагүй юм уу” гэхэд эхнэр нь.юуг таниагүй гэж хэмээн асуухад нөхөр нь “Хайрынхаа унгасыг...”гэх сонсогдов. Гэнэт миний пэсхийх инээдтэй зэрэгцэн машины төмөр пүн хийх чимээ гарчээ.Харваас би гэдэг хүн бас нэгэн жижигхээн япон тэрэгний хамар дээр гараад суучихсан байгаа юм даа.Ээ хөөрхий шинэ өглөө гэхэд энэ өглөө бас л азгүй эхэлж байна даа.

Хүний үнэргүй бөөс / богино өгүүллэг/

2013 оны 06-р сарын 09 Нийтэлсэн Завгүй eej

Хүний үнэргүй бөөс  

        Бөөс гэж одооны хүмүүс бараг мэдэхгүй дээ гэж хөөрхий хөгшин ээж минь хэлж билээ. Нээрээ л тийм байх. Би л лав тэр бөөс энэ тэрийг нь мэдэхгүй. Гэтэл нэгэн найз минь надад ингэж ярих юм.Найз минь нэгэн бүсгүйд ухаангүй дурласан гэнэ.Харин өнөөх бүсгүй найзыг минь тоодоггүй, тэгэхээс тэгэх гэсэн шиг хамраа шантайлган хажуугаар нь өөр залуу дагуулан алхдаг гэнэ. Түүнийг соссон би найзыгаа тайвшруулах санаатай "Сонголт юм биз дээ" гэхэд найз маань “Үгүй дээ, тэр чинь миний сэтгэлийн шүүс гэж байдаг бол түүнийг минь сорж дуусах тийм л нэг хүний үнэргүй бөөс" болчих вийдээ гэхээс л би ухаан алдатлаа айдаг гэх нь тэр.Чи юу ярина вэ гэтэл  “Намайг хайрлаагүй нь тэр бүсгүйн буруу биш ч сэтгэл дээр минь бүжиглэн даажигнах тэрээр хүний үнэргүй бөөс болчихвий дээ” хэмээн шал согтуудаа дахин дахин донгосч суух юм. Эрүүл бол арай л өөр зүйл ярих хүн дээ миний нэг муу найз. Өөрт нь дурлаагүйд нь гол биш хүн чанараа мөн чанараа гээсэн нэгэн болчих вий дээ гэхдээ тэр нэгэн бүсгүйг хайрлахын зэрэгцээ харамсаж хэлсэн биз ээ гэж мөхөс би хүртэл залруулан бодлоо. Бөөс чинь жинхэнэ утгаараа хүний үнэртэй байдаг шүү дээ хэмээн замдаа би нэмж ухаарлаа...

Юм гэдэг сонин /өгүүллэг/

2013 оны 06-р сарын 09 Нийтэлсэн Завгүй eej

              Найз минь надыг бурханы оронд үдэж өгөөд буцаж ирэхэд нь хэсэг бүлэг түүнийг маань хүмүүс баяр хөөртэйгээр угтав. Холын бүсгүйд сэтгэл алдарсан тэр нэгэн тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр залууг бурхны оронд заларлаа гэсэн чимээг олон хүн гуниглан хүлээж авсан ч тэднээс хавьгүй олон хүн баярлан, зарим нь бүр дэвхцсэн гэвэл үнэмших үү. Тэр дотроо хайраа өгсөн гэх Саран бүсгүй нь баярласандаа болоод бар саваар зугаалж, гав гинжнээс мултарсан мэт баярлаж тэмдэглэсэн гэх.Ерийн боловч ер бишийн энэ эрийн үхэл хэнд тийм их аз жаргал бэлэглэх ёстой байсныг хэн тааж мэдлээ дээ. Гэхдээ үнэн гээд л бодчих. Бурхны гэх ч бугийн оронд залрах хувь заяаны зам бүдэг биш ч бас тод биш юм гэдэг шүү. Хэрэвзээ би жинхнээрээ тэдний хүссэн газрын хаалгыг татаж гэмээн ямархан байх бол гэж төсөөлөн бодов. Хөрч амжаагүй шарилын минь дэргэд хөөрхий надад дурласан өөр нэгэн бүсгүй сэтгэл рүү нь гишгэсэн гэхгүй над руу харсаар " дэргэд минь биш ч гэсэн дэлхий даахгүй гэх биш амьд л байсан бол бусдынх байсан ч яахав" хэмээн уйлна гэдгийг мэдэж байна. Би сайндаа мэдсэн ч юм биш дээ, саяхны болж өнгөрсөн үйл явц харуулсан юм.Тэр бүсгүйн цэхэр нүд..../Би түүнийг тэгэж хэлээд уйлуулж байсан юм/нулимсаа тогтоон барьж дийлэхгүй байснаа өнгө нь өөрчлөгдөн хар, бүүр мойл хар болж байна. Харин миний үхсэн тухай мэдээ бүхий сонины тасархайгаар баастай бөгсөө арчаад, гарт баригдаж, нүдэнд харагддаггүй гайхал минь, үүрд ингээд buy... гэсээр нэгэн дүүргийн 00-ийн өрөөнд инээдээ барьж ядах бүсгүй өөр хэн нэгэн рүү утасдаад ".....ура....." хэмээн хашгирна. Харин би хагас аниатай нүднийхээ завсраар өөрийн очих газрын MAP-ийг харж, эргэж төрөх боломж хаана буйг эрж хайх болно. Хэрэвзээ ээж, аав минь амьд сэрүүн байсан бол ......Хэлэх ч юм биш. Гэхдээ өдийд надыг хүлээн авах гээд аль л олигтой гэсэн бүхнийг зэхэж, банжиж суугаа. Би хэт хатуу бас шулуухан үгтэй тул дайсан олонтой. Тэдний ихэнх нь энэ өдрүүдэд ирэхгүй. Учир нь хэдэн хэлхээтэй яс минь ч тэднийг зүгээр байлгахгүй, хангир янгир дуугаран шажигнана гэдгийг мэдэж байгаа. Ирэх хэд нь буян хийгээрэй хэмээн хамтран амьдрагчид маань хэдэн халтар төгрөг шидэх л байх. Тэрэндээ тэгээд харамснаа, бас болоогүй. Тас хар өмсгөл өмссөн Онуки сан чимээгүйхэн толгой бөхийж бас гайхан зогсоход, торгомсог даашинзтай Анна Сергиевна хэнээс ч үл зовон "Почему...за что..." гэсээр зогсохыг мэдэж байна. За, тэр хаа газрын хүүхнүүд ч яамай даа. Харин тэр яах бол....Энэ асуултынхаа хариуг би түүнээс л асуумаар байна. Эрх чөлөөний цэнхэр туг элгэн дээрээ мандуулж, хэрүүлийн час улаан алмыг хазаад, нулимаад, хазаад нулимаад л, хагас шилтэй вискийг бүтэн болгож уугаад л суух болов уу. Эсвэл "Ойрхон мөртөө хол байсан найз минь... "гээд л сэтгэлээ урдаггүй юм аа гэхэд цуулаад сууж байх болов уу. Гэхдээ мэдэхгүй юм даа. Юм гэдэг цагаа болохоор сонин шүү.Сонин. Дараа үргэлжлүүлж бичнээ. Тэнгэрийн орноос харах төсөөллөө... Энэ цаг хугацаа 1989 он. Харин 10,20, магад 30 жилийн дараа байдал яаж өөрчлөгдөхийг, би хэрхэн төсөөлөхийг хэн мэдлээ дээ.

Яах гээд л байдаг юм бэ

2013 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Завгүй eej
 Эргэн тойрон уур бухимдлаар буцалж байгаа энэ үед бие биедээ урам хайрласан, дэмжсэн хэсэг бөлөг сайхан хүмүүсийн хүрээлэл буйг олж хараад ямар их баярласан гэж санана аа.Гоё ээж, Сафо, Алимхан, Цэцгээ, Үнэн үг, Марал, Дээгий, ХАнсо, Хөөрхөнөө, Энхүүш гээд олон сайхан залуусын нүдэнд үл харагдах ч сэтгэлд бадамлан дүрэлзэх сайхан нөхөрлөлийн цагираг руу аажим аажмаар гулсан орж насаа марттал хөөрч, хөгжиж жаргаж яваагаа нуух юун. Гэтэл сүүлийн үед миний эрх чөлөөний алтан хэрэм/ блог/-руу минь нэр нь тодорхойгүй нөхөр ямар ч тийзгүй нэг бус удаа нэвтэрсэн байсан. Яахав хаа газар байдаг хаяг адресгүй нөхдүүд оромжоо андуураад шагалзаад гараа биз гээд нэг их тоогоогүй.Гэтэл сүүлийн үед бүр энэ хийрхэл нь бүр хэрээс хэтэрч миний нэрийг барин Энхүүшийн гэр лүү эрээ цээргүйгээр довтолсон байх юм. Энэ ч арай дэндэнэ ээ. Намайг биш гэж бодсон л байх.Гэхдээ л Энхүүш гэдэг хүний амар амгалангийн өргөөний амгалан цагаан тагтаа үргэж цочсон л байж таараа. Гоё ээж зэрэг хөдөлмөрч охидоор мэр сэр оролддог дуулдах. Ер нь энэ гар нь загатнасан сэтгэлд нь хортой могой цагирагласан нөхдүүд яах гээд байдаг юм бэ.Нөхөд ч бас биш юм аа, ганц этгээд л галзууолын жаахан юмтай, тэр нь хөдлөөд айл айлаар доншуучилж байгаа байх. Ер нь яах гээд байдаг юм бэ.

Хаашаа л харнав хашаа

2013 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Завгүй eej

Саяхантай миний нэг танилынд гадгаадаас зочин иржээ.Урьд өмнө нь манай улсад ирж байгаагүй өнөө эрхмээс Монголд хийж буй айлчлалынх нь сэтгэгдлийг сонслоо. “Сайхан юм аа, танай орон. Ялангуяа хээр хөдөө бүр ч сайхан байлаа.” гээд байгалийн сайхан, зон ардынх нь наалинхай аашийг магтах юм. Үнэн шүү гээд л нүд рүү минь хараад магтаж гарлаа. Харийн хүнээр эх орноо магтуулах сайхан л байлгүй яахав. Гэхдээ гээд өнөө зочин маань нэг л зүйлд ихээхэн эмзэглэснээ нуусангүй. “Аливаа улс орны хэр амгалан бэ гэдгийг тухайн орны хот суурингуудад баригдсан хашаагаар тодорхойлдог талаар та лав уншаа байлгүй дээ” гээд танай оронд, ялангуяа нийслэлд хашаа дэндүү их юм. Энэ их хашааг харахаар түгшүүр төрмөөр, азаар надад айх ичих юм болсонгүй гэв. Нээрээ л тийм дээ. манай нийслэл чинь хашаа нийслэл болчихож гэж хатуухан хэлмээр санагдлаа. Хаашаа л харнав хашаа. Хашаан дотор хашаа. Бас дахиад хашаа. Тарьсан зүлгээ, барьсан байшингаа тойруулаад модоор, төмрөөр, шавраар өчнөөн олон хашаа барьчихаж. Хашаагүй айл,байр, албан газар гэж үзээд өгье гэхнээ алга. Хөрөнгөтэй хүн хөрөнгөө хамгаалж байгаа ухаантай юм байх. Нэг талдаа арга ч үгүй юм. Ядуус нь хэт их болчихсон улс орон цөөн хэдэн “овоо”-чуудынхаа хөрөнгөнд илүү харц шидээд байгаа байх л даа. Угаас өөрийн гэсэн юмгүй хүн бусдынхыг хайрладаггүй гэж нэгэн ахмад хэлж байхыг сонссон санагдана. Тэгээд л хорлон сүйтгэгч атаархуу зан нь дийлээд бусдын бүтээсэн сайхан бүхнийг сүйтгээд байдаг болохоор тэднээс хамгаалах гэсэндээ хашаа хороо барьж “хашаа улс”-ыг хөгжүүлдэг байх хэмээн хашаа баригчдыг зөвтгөе. Гэтэл бас үгүй юм аа. Тэдгээр овоочууд нь одоо бүр өөрийнхөө гэх эзэмшлээс хэтрээд нийт ард түмний өмч болсон хангай дэлхий, уулын ам, голын эрэг тохойг хүртэл хашаад авчихаж. Яасан ч шуналтай юм. Уулын амыг хаагаад хашаа барьчихаж. Түүн дотроо байшин бариад түүнийгээ тойруулаад бас дахиад хашаа барьчихна. Байшингийнхаа урд цэцгийн мандал цогцлоогоод түүнийгээ тойруулаад дахиад хашаа барьчихна. Зөвхөн нэг жишээ гэхэд энэ. Хотын төвөөр бол иймэрхүү үзэгдэл олон. Гэрээсээ гараад өөрсдийнхөө босгосон хашаан дундуур явсаар гудманд гарлаа гэтэл бусдын босгосон хашаа таныг тосно. Эхний хашааг тойртол дараагийнх нь тулна. Түүнийг тойроход дахиад л дараагийнх нь угтана. Арай намхан шигийг нь давна. Төмөр муутайг нь мурийлгаад замаа товчилж, хугацаа хожих залуус байхад залбирал маань унших мэт амандаа бувтнах хөгшид олонтой таарна.Энэ мэтчилэн сарайж сэрийсэн олон хашааг харааж зүхсээр. Нийслэлийн удирдлагуудаас “хашаа” арга хэмжээ авлаа л гэх ч хашааны тоо хоргодох бус харин ч бүр нэмэгдсээр. Ялангуяа хотын захын зуслангуудыг хараарай. Жишээ болгон ганцхан газрыг хэлье. Социализмын үеийн дарга нарын ямбаны газар байсан  Нүхтийн аманд ийм дүр зургийг харж болно. Аврага том бүтээн байгуулалт энд болж өнөө дархан цаазат Богдхан уулын нэгэн амыг ёстой л будаа болгож байна. Сарайж сэрийсэн хашаа хаа сайгүй. Гэхдээ энд өнөө айгаад эмээгээд байх ядуус нь үзээд өгье ч гэхнээ алга. Гэтэл эндхийн “овоо”-чууд яахаараа ингэж сэрийж сарайсан хашаануудаар өөрийгөө тойруулна вэ. Өмчөө хамгаалж байгаа нь тэр гэнэ. Хэнээс тэр вэ гэтэл бас л эзэнгүй. Солонгос зарцтай, филипин хүүхэд асрагчтай монголын томоохон баячуудыг энд л лав тонох нохой ч алга.

Эргэн тойрон нь хүний өөрийн хашаагаар хүрээлүүлсэн 0.7 га хүрэхтэй үгүйтэй эдлэнгийн гадаа “Зарна” хэмээн бичсэн байхыг хараад утсаар нь асуутал хэд гэсэн гээ. Уншигч та лав итгэхгүй байх. 150 000 доллар гэсэн дээ. Яахаараа улсын онцгой хамгаалалттай газрын бүсэд байгаа газрыг хэн нэгэн ийм үнээр борлуулах эрхтэй байдаг юм. Ард түмэндээ үнэгүй өгнө хэмээн зарласан газар нь цагаа тулахаар олддоггүй хэр нь хэн нь мэдэхгүй нууцлагдмал нөхдүүд хашаад авахаараа иймэрхүү байдлаар үнэ хүрдэг байна шүү дээ. Ийм байдлаар хашаа улсыг хөгжүүлэгсэд хаа сайгүй байна. Монгол улсад, тэр тусмаа нийслэлд баригдсан хашаа болгон эзэнтэй. Гэвч ихэнх хашааны эзэд “нууц”. Ямартаа ч Монгол төр гэсэн ганцхан эзэнтэй энэ айлын өрхийн тэргүүн хог новш мэт шавааралдан овооролдох “хашаа”-нуудынхаа учрыг олж, хүний өөрийн юм “цохиж “, хаширсан болоод хашраасан нөхдөө учрыг нь олох цаг хэдийнээ болжээ. Төр хэмээх том аавынхаа гарыг харалгүй нийслэл, дүүргийн газрын албаны эрхэм “хашаачид” та бүхэн өөрсдөө үлгэрлэн хотыг цэвэрлэх ажлыг дорвитой хиймээр байна гээд л хэдэн жилийн өмнө бичиж байж дээ, хөөрхий

Хүүхэд алга болов

2013 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Завгүй eej
 Цаана чинь нэгайхтар юм гарч та минь ээ. Хүүхэд алга болгодог бяслаг. Яагаав Том Жерри хоёрын иддэг шиг бяслаг. Өнөө өглөө Мөөг бид хоёр унд уух гээд суулаа. Бас сайхан залуу хамт байсан юм. Залуу элдэв зүйлийн харшилтай тул түүнийг юухан хийхнээр аргалаад өөрсдөө жаахан сыр энэ тэрээр тансаглах гэж байгаад баригдлаа. Залуу идэх гээд үзчихнэ биз дээ. Тэгэхээр нь эмээ хүн иддэг, тарган хүн иддэг гээд янз бүрээр үзээд барсангүй ээ. Талхан дээрээс нэг сыр аваад буцааж өгөхгүй идчихээр нь цаашлуулаад "Хүү алга болчихлоо, яана аа ийнээ" болоод өнөөхөө цаашлууллаа. Өөдөөс нь харчихаад хараагүй юм шиг царайлаад, дуудахаар нь дуулаагүй юм шиг байгаад байсан чинь сүүлдээ бүр сандраад зуураад, хашхираад -Би энд байна, Намайгаа хараач дээ гээд бүр үхэх нь ээ.  Тэгсэн Мөөг аяганд манная каш хийж тавьчихаад "Уг нь дүү минь энийг олоод идчихвэл эргээд харагдаж магадгүй" гэсэн чинь гүйж очоод өнөө кашаа ууна биз дээ. Тэгэж л бид хүүхдээ олж авлаа даа. "Эмээ би тэр бяслагийг дахиж идэхгүй ээ, хүүхэд алга болгодог юм байна" гэнэ ээ. Нээрээ хүүхэд алга болгодог янз бүрийн юм байж болох юм байна шүү та минь. Анхааралдаа авна биз кккк.

Бүх эрчүүддээ зориулав.

2013 оны 05-р сарын 26 Нийтэлсэн Завгүй eej

Хуучны нэгэн бичлэг олдов.3 жилийн өмнө бичиж байжээ.Эрчүүдийн маань нэгэн баярын өдөр тохиож байгаа тул үүнийгээ оруулахаар шийдэв.

                        Аавын суудал буюу цэцэн бэрийн нүүдэл

Нэгэн танилындаа зочиллоо. Бид олуулаа орсон болохоор зочид тааралдсан сандал суудал болгон дээр сууцгаав. Энэ үед танилын маань гурван настай охин орж ирээд хамт явсан нэгний маань хажууд очсоноо “ Та босоорой. Аавын маань суудал дээр суучихаж” гэхэд ээж нь “За яахав, охин минь. Сандал хүрэлцэхгүй байна.” гээд зовонгуй хэлэв. Харин жаахан охин “ Тэгвэл аавын олбогийг нь авчихъя” гээд сандал дээр байсан олбогийг аваад цааш нь хураалаа. Энэ бүхнийг харж суухдаа энэ айлд аав гэж ямар их хүндэтгэл, хайр байдгийг шууд л ойлгож билээ. Маргааш нь бид үдийн цайны цагаараа охины тухай, аавыгаа хүндэлдэг хүндлэл, хайрын тухай, өрхийн тэргүүний ноён нурууны тухай олон зүйлийн зах сэжүүрээс хуучилж билээ. Үүнээс үүдээд монгол өрхийн тэргүүн, монгол эр хүний ноён нуруу урьд цагт ямар байсан, одоо ямархан байгаа талаар эрэгцүүлэн бодоход хүрлээ. Бидний ээж, эмээгийн үеийнхэн эр хүнийг, өрхийн тэргүүнийг хэрхэн хүндэтгэж, эрхэмлэн хайрлаж байсны жишээ аавууд маань, бас өвгөд маань байна. Харин өнөө цаг дор байдал арай л өөрөөр эргэсэн санагдана. Ахмадуудын маань амьдарч байсан нийгэм, цаг үе өөр байсан л байх. Гэхдээ л амьдрал бол амьдрал хэмээн бодном. Тэр жаахан охин шиг аавынхаа суудаг суудлыг нь хүртэл хүндэтгэн хайрладаг хүүхдүүд, эхнэрүүд цөөхөн биш ч бас олон биш гэдэгт огтхон ч эргэлзэх зүйл алга. Бид эрчүүдээ архичин, ажилгүй, анхиагүй, за тэгээд юу байдаг юм хэлж болох муу бүхнээр муулж ханах цаг болсон. Одоо харин өөрсдийнхөө тухай бодох цаг болж. Бид чинь бүгдээрээ тийм сайн ээжүүд, эхнэрүүд байж чаддаг билүү. Өнөө цагийн ихэнх эрчүүдийн гэр бүл, үр хүүхэд, тэр дундаа эхнэрүүд нь нөхрийгөө “ орлогын машин” өөрсдийгөө “зарлагын машин” хэмээн ойлгочихдог нь нууц биш юм. Хүн байгаагаасаа илүү сайханд тэмүүлэх ёстой ч байгаадаа ханаж амьдрах хэрэгтэй санагддаг. Саяхны нэг судалгаагаар архинд донтсон 10 залуутай уулзаж ярилцахад тэдний зургаа нь эхнэртээ гологдохгүйн тулд хичнээн хичээж зүтгэсэн ч амжилтанд хүрэлгүй гологдсондоо гутраад архинд орсон гэсэн байхад хоёр нь мэрэгжилгүй, ажил олдохгүй гэсэн шалтаг хэлсэн байх юм. Гэхдээ эдний зургаа нь боломжийн амьдралтай айлын хүүхдүүд, өрхийн тэргүүнүүд гэхээр асуудлыг арай өөр өнцгөөс харж болохоор. Бүхий л зүйлийг нийгэм рүү чихдэг болсон энэ үед би бас эрчүүлээ өмөөрч хамаг бурууг нийгэм рүү чихэж үзье л дээ.Одоо ид ажиллах, хөдөлмөрлөх чадвар бүхий 25-40 насныхан маань Монгол оронд өрнөсөн нийгмийн шинэчлэлийн үед ойролцоогоор 5-15, 20 насны хөвгүүд байж. Өөрийн гэсэн өмчгүй байсан аав ээжүүд нь хувьдаа авсан хэдэн мал, жаахан хөрөнгөнийхөө төлөө хүүгээ сургуулиас нь гаргаад малын бэлчээрт, хатуухан хэлэхэд “мал” болгосон хэрэг. Охин хүүхэд эрдэмтэй хүн болог, хүү хүүхэд яахав, болно биз гэдэг “уламжлалт” үзэл сэргэж, охидын зам дурайж, хөвгүүдийн зам барайж эхлэх нь тэр. Бүх шатны сургуулиудад бүлтийтэл гоёсон охидын тоо даацнаасаа хэтэрч, хаа нэгтээ харагдах хөвгүүд “ховрын бараа”-нд тооцогдож, харь хэлээр ярих дуртай бидний хэлдгээр жендэр, мендэр нь будилж эхлэсэн гэхэд болно. Сургуулиас эхлээд будилж, алдагдаж эхлэсэн хүйсийн тэгш бус байдал гээч нь ажил, албан тушаал гээд хаа сайгүй болно биз дээ. Их, дээд сургуульд суралцагчдын 60 гаруй хувь, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь бүсгүйчүүд. Харин архичдын 90 гаруй хувь, ажилгүйчүүдийн 80 гаруй хувь, парламентын гишүүдийн 90 гаруй хувь нь эрчүүд байх юм. Парламентын тухайтад жич асуудал. Харин нөгөө хоёр үзүүлэлт нь нүд бүрэлзэж, дотор муухайрмаар тоо. Ажилгүй эр хүн ямар орлогоороо тамхиа авч татах билээ. Гэр бүлээ юугаар тэжээх билээ. Ингээд л хэн нэгнээс эдийн засгийн хараат болж байгаа юм. “Хэнд эд баялаг байна. Түүнд эрх мэдэл буй” гэдэгсэн бус уу. Нэгэнт өрхийн тэргүүн ажилгүй, мөнгөгүй болохоор өрх гэрийг тэжээх үүрэг ээжид оногдоно. Ямар харж байгаад хэдэн хүүхдээ турааж алалтай биш. Ингээд ээж “шийдвэр гаргах түвшинд” хүссэн ч, эс хүссэн ч очиж байгаа юм. Ихэнх тохиолдолд энэ үеэс эхлээд аавын байр суурь “ганхаж” эхлэнэ. Аав хүчирхэг байж, үүсч буй хүндрэлээс гарахад, өрх гэртээ ямагт “гол дүр” байхад ээжүүд илүү их анхаарах хэрэгтэй санагддаг. “ Миний хань чадна. Чи бол өрх гэрийнхээ ноён нуруу шүү. Бүх зүйл чиний минь гарт байна” гэх зэргээр хань нөхөртөө эрч хүч өгч, ирлэж хурцалж байх хэрэгтэй. Харин ажиглалтаас харахад манай ихэнх бүсгүйчүүд “ Бусдын нөхөр ингэж байхад чиний байгаа царай энэ. Чи ч яаж чадах вэ дээ. Чамайг сонгосон нь миний алдаа байсан юм. Би чамаас хамаагүй дээр.” гэх зэргээр хань ижлээ ирлэж, хурцлах биш элээж, мохоох нь их байдаг. Азийн ихэнх орны хүүхнүүд шиг нөхрийнхөө өмнө бөхөлздөггүй юм гэхэд Америк, Европын бүсгүйчүүд шиг хэт их эрх чөлөө л лав монгол хүүхнүүдийнх биш. Гэхдээ “сайн эхнэрт сардаа нэг гар хүр” бол бүр ч биш. Эр хүн, тэр тусмаа монгол эр хүн гэдэг чинь өөрөө өөрөөрөө бахархах бахархалтай, бардам байх дуртай. Хэдийгээр тэд харахад хатуу догшин санагдавч хамгийн зөөлөн сэтгэлтэй, уяхан хүмүүс байдаг юм. Тиймээс тэдэндээ урам өгч, дэмжиж, хаа нэг алдахад нь уучилж чадаж гэмээн бүсгүйчүүд “хожно”. Зөөлөн нь хатуугаа иддэг гэх хуучны үг байдаг даа. Тиймдээ ч уяхан зөөлний тодотгол гэж бүсгүй хүнийг нэрлэдэг байсан биз. Харин орчин цагийн бүсгүйчүүд бид харин ч нэг “хатуу” болсон бус уу. Хатуу хөтүү амьдрал нь ч нухдаг биз. Харгис хэрцгий цаг үе нь хавчдаг ч биз. Хаа хаанаас нь шалтаг хайж болох ч хамгийн гол нь үрдээ үлгэртэй, ханьдаа халамжтай эхнэр, ээж байхын ухаан дутмагшилд орж л болохгүй санагдана. Нэгэнтээ МУГЖ С.Сарантуяа сонинд өгсөн ярилцлагадаа“ Би нөхрийгөө үргэлж та хэмээн хүндэлж харьцдаг. Та, та гээд байгаа хүний өмнөөс чи хуц гэж хүн хэлж чадахгүй шүү дээ” хэмээсэн байдаг. Үүн луугаа бүсгүйчүүд бид эр нөхрөө хүндлэж, хайрлаж гэмээн үр хүүхдүүд маань ч ёсчлон дагана. Ийм гэр бүлтэй эр хүн “тэнгэр эцэг”-ийн ухаанаа гаргана. Бүхий л бүсгүйчүүдээ буруутгаагүй ч дээр өгүүлсэн шиг буюу түүнээс ч дор бүсгүйчүүд дэндүү их болжээ. “Аавуудын холбоо”,”Гарьд манлай” эмнэлэгийг эс тооцвоос эрчүүд, хөвгүүдийн маань эрх ашгийг хамгаалах төрийн болон олон нийтийн байгуулгаа тун цөөн. Гэр бүлд асуудал үүснээ. Зөв ч бай буруу ч бай эр нь буруудаад, эм нь зөвдөөд, эд баялаг хөрөнгө нь бүсгүйн талд “автоматаар” шилжинэ.Хоёр жишээ хэлье. Хэдхэн жилийн өмнө харийн оронд ажиллаж байсан залуу хүний нутагт асгасан хөлсөөрөө байр авахуулаад эхнэр хүүхдээ оруулжээ. Нэгэнт л амьдралаа дээшлүүлэх гэж зүтгэсэн эр хүн нэг өрөө байраа хоёр өрөө болгочихъё, бас ч гэж хөл дүүжлэх унаатай буцъя хэмээн зүтгэж байтал эхнэр нь авсан байрыг нь зараад арилаад өгч. Эцэст нь монгол улсын шүүх олон жил гэр орноосоо хол хүүхдүүдээ өсгөлцөөгүй шахуу юм яриад, эхнэрээс юу ч гаргалгүй асуудал шийдэгдэж. Харин залуу харийн нутгаас ирээд орох орон ч үгүй, дээр нь нэмээд хүүхдийн тэтгэвэрийн өрөнд баригдаж байх жишээтэй. Өөр нэг жишээ.Одоогоос олон жилийн өмнө. Залуу хосууд хэдэн жил амьдраад хоёр тийшээ салцгаажээ.Хэн хэнд нь асуудал байсан биз. Гэхдээ бүсгүй хөнгөмсөг явдалтай, хүмүүжлийн доголдолтой нэгэн байж. Шүүхийн өмнө очоод залуу хүсэлт гаргажээ.”Арван настай охин маань миний эцэг эх дээр хөдөө байдаг юм. Би охиноо өөр дээрээ өсгөөд 18 нас хүрэхээр нь эхэд нь өгье. Наана нь энэ хүн аваад ааш занг нь эвдээд хаячихна” гэх зэргээр эцэг хүнийхээ хувьд охиныхоо ирээдүйн төлөө зовоод хэлсэн хэрэг. Гэтэл тухайн үед“Эхийн талд хүүхдийг өгөх ёстой….Хүүхдийг дагаж орон байр,хөрөнгө шилждэг…” гэх номлол газар авсан байж. Шийдвэр ингэж л гарч. Өмссөн хувцастайгаа гэрээсээ гарсан аавыг өнөөдөр өвгөн болсон хойно нь буруу “араншинтай” охин нь зовоож сууна. Тэгвэл өмнөхөөс арай өөр нэг жишээ дурдъя. Архичдын гэх армийн эгнээнд залуухан бүсгүй нэг л мэдэхэд элсчихэж. Бүсгүй хүн архичин болно гэдэг эр хүн архичин болохоос илүү аймшигтай. Бүсгүйг сайн сайхан явах үед нөхөрлөн наалдаж байсан бүхэн үргэн зайлсаар түүний хажууд ээж, эр нөхөр хоёроос нь өөр хүн үлдсэнгүй. Архи уугаад, араатны авиртай болсон түүнийг аялан аргадах хүн хань нь. Өөрийн хичээл зүтгэлээс гадна ханийн минь халуун дулаан сэтгэл,итгэл намайг тэр хэцүү замаас гарахад хамгийн их нөлөөлсөн хэмээн ханиа бахдан хуучлах тэр бүсгүйгээр бахархсанаа нуух юун. Монгол эр хүний ноён нуруу гэж энэ дээ. Ерөөс тэдний маань ноён нуруу нугарах, хугарах учиргүй. Харин ажилгүй, анхиагүй, архичин гэх монгол эрчүүдийнхээ төлөө бүсгүйчүүд бид ч, монголын төр ч “цэцэн бэрийн” нүүдэл хийх цаг болсон. Цагаа олсон зөв нүүдэл ялалт амжилтыг авчирдаг.

 


Архив